Кредит менежментийн компани нь бизнесийн эрсдэлээс бүрэн хамгаалдаг
“МонДелкреда” ХХК нь санхүүгийн салбарт зээлийн шугам нээх, батлан даалттай өрийн бичгийг санхүүгийн зах зээл дээр байршуулах шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна. Тус ажлын хүрээнд энэ сарын 25-ний өдөр ХБНГУ-ын Commerzbank/ Коммерц Банк болон ХБНГУ-ын Делкреда компанитай хамтран "ECA - Export Credit Agency covered finance-Европын улсын банк болон санхүүгийн байгууллагаас санхүүжих боломжууд" арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээнд бизнэсийн бүх салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд урт болон богино хугацааны санхүүжилтийн боломжуудыг танилцуулсан юм.
Delcreda Компани нь “Олон улсын Зээлийн даатгал” даатгалын сүлжээнээс Европыг хариуцан ажилладаг бөгөөд "Авлагын даатгал", "Батлан даалт", "Олон улсын зээлийн шугам" болон "Найдвартай авлагыг урьдчилан борлуулах" чиглэлүүд дээр мэргэшсэн компани юм. Тус компанийн Монгол дахь салбарын захирал П.Золзаяатай ярилцлаа.
-Монголын санхүүгийн салбарт банкны зээлийн үйлчилгээнээс гадна цоо шинээр хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн орж ирж байна. Ямар компаниуд түлхүү сонирхож байна вэ?
-Энэ удаагийн арга хэмжээг манай группийн Герман дахь салбар, ХБНГУ-ын Коммерц банктай хамтарч Монголын аж ахуйн нэгжүүдэд ХБНГУ-ын Засгийн газрын баталгаагаар бизнесийн санхүүжилт, зээлийг хэрхэн олгох зорилгоор зохион байгууллаа. Арга хэмжээнд маань Монголдоо тэргүүлж яваа компаниуд тэр дундаа уул уурхайн салбарт ажиллаж байгаа хүнд даацын тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл сонирхож байгаа компаниуд оролцож байна. Энэ удаа Монголын эдийн засгийн нөхцөл байдалд тулгуурлаад удаан хугацааны санхүүжилтийг хэрхэн авах чиглэлээр танилцуулга хийлээ.
-Монголын банкуудаас аливаа нэг төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зээл авахад багагүй бэрхшээл учирдаг. Танайх тэдний үйлчилгээнээс юугаараа давуу талтай вэ?
-Банкнаас зээл авахад мэдээж барьцаа хөрөнгө их шаарддаг. Хамгийн гол нь манай аж ахуйн нэгжүүд эзэлжих зэрэглэл буюу зээлийн чадвар тааруу байна. Тухайлбал ихэнх нь өртэй байдаг учраас удаан хугацааны зээл авахад хүндрэлтэй байдаг талтай. Тэгвэл энэ санхүүжилт удаан хугацаагаар төслийг санхүүжүүлж өгдөг. Бас ганц санхүүгийн байгууллага гэхгүйгээр олон улсын даатгалын байгууллагатай хамтран ажилладаг. Даатгалын компани ч гэсэн санхүүгийн байгууллага учраас Монгол Улсын санхүүгийн салбарт өөрчлөлт орох хэрэгцээг шаардаж байна. Өөрөөр хэлбэл банк даатгалын компани хоёрын хооронд ложикст санхүүжилтийн бүтцийг зөв гаргахад банк, даатгалын компани хамтарч ажиллах нь зөв.
-Танай компани ХБНГУ болон ОХУ-аас техник тоног төхөөрөмж, инновацийн патентийг худалдан авч байгаа тохиолдолд Европын банкнаас шаардлагатай хөрөнгийн 70 хүртэлх хувийг барьцаа хөрөнгөгүйгээр санхүүжүүлнэ. Энэ болзол хэр өндөр байх бол?
-Аж ахуйн нэгжүүд өөрсдийн төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд гадаадаас тоног төхөөрөмж, инновацийг импортлох хэрэг гардаг. Ингээд л зээл авах хэрэгцээ үүсдэг. Гэтэл банкны шаардлага хангаж чадахгүйгээр бүдэрдэг, барьцаа хөрөнгө дутдаг эсвэл банкны нөхцөл нь хэт өндөр байгаагаас болоод зээлд хамрагдаж чадахгүй үе байна. Энэ тохиолдолд аж ахуйн нэгжүүд маань өөрийнхөө эзэлжих зэрэглэлээр тухайн тоног төхөөрөмж авч байгаа орноос засгийн газрынхан экспортын зээлийн баталгааг гаргуулж үүгээрээ аль нэг банкаар санхүүжүүлэх боломж нь үүсэж байна.
-Танайх бол санхүүгийн зах зээлд цоо шинэ үйлчилгээг бий болгож байгаа.Ер нь кредит менежментийг компанийн давуу тал юм юм бэ?
-Манайх кредит менежментийн үйлчилгээ үзүүлдэг компани юм. Монголын аж ахуйн нэгжүүдийн дутагдал нь тооны араас буюу борлуулалтын хойноос хэт хөөцөлддөг. Ингэхдээ хийж байгаа борлуулалт бүхэн нь тухайн компанидаа хэр ашигтай эсэхийг анхаардаггүй. Гэтэл хийсэн борлуулалтын мөнгө нь цаг хугацаандаа ордоггүй, мөнгө төлөх хугацаанд худалдан авагч тал төлбөрийн чадваргүй болох эрсдэл маш өндөр.
Авлага удах тусам чанаргүйдэж зардал өсдөг мөн хугацаа алддаг. Энэ байдал нь компанид мөнгөний хомсдлыг үүсгэж байна гэсэн үг. Тэгвэл кредит менежментийн компани нь аливаа борлуулалтыг хийхээс өмнө бараа бүтээгдэхүүн худалдан авч байгаа тал нь хэр төлбөрийн чадвартай байна, мөн төлбөрийн сахилга баттай эсэхийг нь тодорхойлж өгдөг. Мөн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй компанийн санхүүгийн үйлчилгээг туршлагатай, мэргэшсэн экспертүүд үзүүлдэг.
-Зээлжих зэрэглэлийг тогтоогоод баталгаа гаргаад өгчихвөл гаднаас зээл авах компаниуд хэр их байна вэ?
-Нэлээн олон компани хүсэлтээ ирүүлсэн. Одоогийн байдлаар 2-3 том хэмжээний төсөл дээр ажиллаж бичиг баримтыг нь бүрдүүлж байна. Нэн ялангуяа Германы Засгийн газар манай улсад дэд бүтцийн салбар дээр техник технологийн төдийгүй тухайн техникийг нэвтрүүлэх тал дээр туслахаа илэрхийлсэн.
-Зээлийн баталгааг нь Германы Засгийн газар гаргаж байгаа юм байна. Үүн дээр даатгалын компаниудын оролцоо нь юу байх вэ?
-Германы Засгийн газар бүх зээлийг батлан даахгүй. Үүний хамрахгүй хүрээнд хувийн хэвшлийн даатгалын компаниуд орж байгаа. Жишээ нь магадгүй таны төсөл Германы Засгийн газрын зээлийн хороогоор ороход шаардлагыг нь хангаагүй байж болно. Энэ тохиолдолд олон улсын зээлийн даатгалын компани баталгааг нь гаргачихвал банкнууд орж ирэх боломж байдаг. Гэхдээ энэ чиглэлийн санхүүжилт Монголд хараахан эхлээгүй байна. Даатгалын баталгаагаар санхүүжнэ гэдэг цоо шинэ арга хэрэгсэл. Үүнийг эхлүүлэх гээд даатгалын компаниудтай хэлэлцэж байгаа, алсдаа хөгжөөд даатгалын компаниуд хүчтэй оролцоно. Даатгалын компани өнөөдөр яагаад энэ салбар руу шууд орж ирэхгүй байна вэ хөрөнгийн даатгалыг үнэлж сурсан боловч зээлийн эрсдэлийн даатгал дээр хараахан туршлагажаагүй. Гэхдээ боловсон хүчнээ бэлтгэж, мэргэжлийн хүмүүстэй хамтрах тал дээр анхаарч ажиллаж эхэллээ.
-Тэгвэл Монголын даатгалын компаниудын оролцоо ямар байх вэ?
-Монголын компаниуд өөрийнхөө бараа үйлчилгээг харилцагчдадаа зээлээр олгож байгаа тохиолдолд тухайн санхүүжилтээ хаанаас олох вэ эсвэл бараагаа өгч байгаа компани мөнгөө цаг хугацаандаа төлж чадах эсэх дээр эрсдэл гарч ирнэ. Мөн тэр цаг хугацаандаа төлөх хугацаа хүртэл харилцагч маань төлбөрийн чадвартай байж чадах уу эсвэл дампуурах уу гэсэн эрсдэлтэй. Энэ эрсдэлээс манай дотоодын даатгалын компани бүрэн хамгаалах боломжтой.
Өнөөдрийн аж ахуйн нэгжүүд өөр хоорондоо зээлийн санхүүжилт маш их хийдэг. Гэхдээ ямар ч даатгалгүй, зөвхөн гэрээ хэлэлцээрийн хэмжээнд явагддаг. Гэтэл ирээдүйд төлбөр төлөгдөхгүй байх эрсдэлээ даатгалын компанид өгч чадаагүйгээс компаниуд баланс дээрээ асар их авлага үүсчихдэг. Нөгөө авлага нь явсаар байгаад сүүлдээ бартерийн хөрөнгө болох жишээтэй. Энэ бол кредит менежмент байхгүйн тод илрэл. Хэрэв үүн дээр даатгалын компани оролцоод ирвэл манай аж ахуйн нэгжүүдэд маш олон эерэг тал үүснэ. Балансын үзүүлэлт эерэг болж улмаар банк санхүүгийн байгууллагаас зээл авахад нөхцөл сайжрах юм.
-Банкны хэт өндөр шалгуураар биш гаднаас зээл авахад бизнес эрхлэгчдэд олгох боломж нь хэр нээлттэй байх бол?
-Банкийг бодвол хамаагүй хөнгөлөлттэй нөхцөлтэй гэдгээрээ давуу талтай. Тухайлбал цаанаа батлан даалттай учраас ямар нэгэн барьцаа хөрөнгө шаарддаггүй санхүүжилт. Дээрээс нь эргэн төлөлтийн нөхцөл нь уян хатан, мэдээж Европын банк учраас банкны хүү бага байх боломжтой.
-Энэ чиглэлийн зээл авах гэж байгаа бизнес эрхлэгчдэд юу гэж зөвлөх вэ?
-Аливаа бизнесийг эхлүүлэхэд санхүүжилт хэрэгтэй. Энэ санхүүг босгоход тухайн бизнес нь маш тодорхой байх ёстой. Монголын аж ахуйн нэгжүүдийн дутагддаг зүйл нь мэдээллийн ил тод байдал. Жишээ нь компаниуд санхүүгийн бүртгэлээ хоёрдмол хийдэг, санхүүгийн сахилга батгүй зүйл ажиглагддаг. Гэтэл зээл олгогч буюу санхүүжүүлэгч тухайн хүний бизнесийн ил тод, тодорхой, үнэн зөв байх ёстойг шаарддаг. Ийм тохиолдолд л тухайн хөрөнгө оруулагч ч банк ч зээл олгохыг хүсдэг.